2024 оны 04-р сарын 25, Пүрэв гариг, 16 цаг 22 минут

Судан явах нь гучдугаар асуудал шүү, Ерөнхий сайд аа


Судан явах нь гучдугаар асуудал шүү, Ерөнхий сайд аа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсыг зорьжээ. Эх орноосоо мордоод лав гурав хонолоо. Гэвч өнөөдрийг хүртэл тус улсыг зорих болсон зорилго нь тодорхойгүй, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “мэдэхгүй” хэмээн ам таглав.  

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсыг зорих онцгой чухал ямар шаардлага гарав. Тодруулах үүднээс хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар багахан судалж үзлээ. НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн 805 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цэргийн баг үүрэг гүйцэтгэж буй. Мөн 2018 оны байдлаар Судан улс манай улсаас 64.8 мянган ам.долларын худалдаа хийсэн байна. Тус улс Монголоос ашигласан дугуй, олгой хаймар, толь, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги зэргийг худалдан авсныг гаалийн мэдээллээс харж болно. Монгол, Судан хоорондын харилцааны түүх ингээд дуусна.

Тэгэхээр эр цэргийн баярыг тохиолдуулан Судан дахь цэнхэр дуулгатнуудаа эргэхээр очсон гэж үү. Тэгвэл энэ нь Засгийн газрын тэргүүний хийх ажил мөн бил үү. Шаардлагатай бол салбарын сайд нь очиход л болох зүйл. Бүр өндөр дээд түвшинд очих ёстой юм бол, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч очиж, энхийг сахиулагчдадаа урам зориг өгөөд ирж болох юм. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшийн өсөлт, хаваржилтаас эхлээд нийгмийн олон асуудалдаа анхаарал хандуулж, аж ахуйн үндсэн ажлаа хиймээр юм. Дүрэмт хувцастай, зоримог төрхтэй зураг авахуулмаар байгаа бол дотоодын цэргийн ангиудаараа зочилж болохыг сануулах юун. Энх цагийн алба хаагчид гэхэд Монголын дотоодын цэрэгт олон аавын хүү хариуцлагагүй, хяналтгүй, сахилга батгүйн золиос болж, алтан амиа алдаж, бие эрхтнээрээ хохирч байгааг анхааран, газар дээр нь очиж танилцвал илүү дээр баймаар. Ард түмэнд ч таалагдана.

“Ерөнхий сайд Суданыг зорисон зорилго нь цэргийн баяраар зураг хөрөгтэйгээ гарч ирнэ” гэж саарал ордон дахь нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэлсэн юм.  Цэргийн анги байтугай хөдөө, орон нутгаар явахдаа ч тусгай албаны үүрэг гүйцэтгэгч аятай имиж бүрдүүлж, дүрэмт хувцсаар тодордог Ерөнхий сайдын ээлжит эрэмгий төрхтэй хөрөг Суданаас ирэх нь тодорхой бололтой. Хүчирхэг, гүжирмэг, булчинлаг, зоримог төрх бол түүний имиж гэсэн ойлголтыг тэрбээр болоод түүнийг хүрээлж буй багийнхан бүрдүүлэхийг хичээдэг нь илт.

Цэргийн ерөнхий эрдмийн сургууль төгсөж, армид нэг жил алба хааснаараа гүйцэтгэх засаглалын тэргүүн намтраа чимдэг нь ч үнэн. Гэхдээ ард нь шийдлээ хүлээж буй түмэн асуудал, буман зовлон бугшсан өнөө үед хаа байсан Судан руу сүр бадруулан явсныг харахад тавилттай пиараар бялуурч, хэтийдсэн популизм нь галзуурч байгааг илтгэж байна. Түүний оронд 40 мянган монгол амьдардаг Солонгос руу жолоо алдуурсан бол илүү үр дүнтэй баймаар. Ядаж Солонгос дахь монголчууд Суданаас хэдэн мянган хувь илүү мөнгийг эх орондоо шингээж, улсдаа тус болдог юм.  Харин наад Судан чинь гучдугаар асуудал шүү Ерөнхий сайд аа.