2024 оны 04-р сарын 18, Пүрэв гариг, 18 цаг 44 минут

Хөгжилд чиглүүлэх боломжийнхоо хүлээсийг нь тайлъя


Хөгжилд чиглүүлэх боломжийнхоо хүлээсийг нь тайлъя

Улс гүрнүүдийн хөгжлийг нийслэл нь залдаг болжээ. Олон улсын санхүүгийн төв болдог Лондон хот Британийн эдийн засгийн талтай тэнцэх хэмжээний мөнгийг улсдаа оруулдаг бол, АНУ-ын дөрвөн хот нийлээд нийт эдийн засгийнхаа гуравны нэгтэй тэнцэх хэмжээний баялгийг бүтээж байна.  

Тиймээс ч улс орнууд эдийн засаг, санхүүгийн төв болгох хотуудынхаа хууль эрх зүй, захиргаа, татварын таатай нөхцөлийг тусгайлан бүрдүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдад найр тавих болсон. Хөгжлийн жишээг холоос хайгаад яахав. Бидний өмнөхөн орших БНХАУ хотуудынхаа хөгжлийг жигдрүүлж, хоцорч явааг нь зэрэгцүүлэхийн тулд ашиглаж буй хөшүүрэг нь харилцан адилгүй. Голдуу далайн эргийн боомт хотуудаа чөлөөт бүс болгодог байсан Хятад улс сүүлийн үед эх газрын элгэнд орших нутгууддаа энэ статусыг олгох болсон байна. Өнөөдөр дэлхийн шилдэг арван боомтын долоо нь БНХАУ-ынх байгаа нь чөлөөт бүс дагасан хөрөнгө оруулагчдын цутгасан мөнгө, санаачилсан бизнесийн өгөөж. Тэгвэл хөгжлийн энэ буухиаг эх газрын гүн рүү үргэлжлүүлэхээр зорьж 11 чөлөөт бүс шинээр байгуулсны наймыг нь тус нутгуудад зарласан байна.  

Манай улстай хаяа залган оршиж буй Казахстанд хот хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг даллаж буй шилдэг жишээ бас байна. Тус улс хуучин нийслэл Алма-Атыг орчин үеийн эдийн засаг, санхүүгийн төв болгохоо зарласан. Тэгэхдээ байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, өндөр технологийн үзэсгэлэнт хот болгохоор шамдаж буй. Мэдээж хөрөнгө оруулагчид мөнгөө бариад ирэхэд зөвхөн өндөр байшин, үзэсгэлэнт байгаль хангалттай биш. Тиймээс хууль эрх зүйн шударга орчныг Алма-Аты хөрөнгө оруулагчдад амлаж байна. Тэд английн мэргэшсэн найман шүүгчээс бүрдсэн шүүхийг олон улсын хөрөнгө оруулагчдад зориулан байгуулж буйг Financial Times мэдээлсэн. Казахстан улсын хуулиас ангид, бие даан үйл ажиллагаа явуулах энэ шүүх Алма-Аты хотод байрлах бөгөөд, ирэх арваннэгдүгээр сараас албан ёсоор ажиллаж эхэлнэ.

Харин Монголын нийслэл Улаанбаатар хот хэрхэн хөгжиж байна вэ. Яг өнөөдрийн байдлаар нийслэлийн бүх зүйл нь хоёроос гурав дахин хэтэрчихсэн. 500-700 мянган хүн амьдрах боломжтой Улаанбаатарт 1.491.375 хүн амьдарч байна гэсэн албан ёсны тоо байна. Албан бусыг нэмбэл энэ үзүүлэлт бүр талийж өгнө. Замын ачаалал, нийтийн тээвэр, сургууль, эмнэлгийн үйлчилгээнд ирэх дарамт, ачаалал ч энэ хэрээр дийлдэхээ больсон.

Төв Засгийн газраас хамааралтай төсөвтэй, түүгээрээ дээрх олон асуудаас гадна агаарын бохирдол, хот тохижилт, төрийн үйлчилгээ, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчдын цалин хөлс гээд хот гэдэг их айл ахуй амьдралдаа арай чүү нэг хүргэнэ. Ядаж байхад хөдөөний оюутнуудын автобусаар хөнгөлөлттэй зорчсоны татаасыг хүртэл нийслэл төсвөөсөө төлдөг гээд бод доо. Төвлөрүүлсэн татвараа улсын санд тушаачихаад, түүнээсээ буцааж гуйх шахам хэдийг нь авдаг энэ байдлаар Улаанбаатарыг өндөр хөгжилтэй хот болгоно гэдэг юу л бол.

Орчин үеийн эдийн засгийн мотор гэж хэлж болох хотын хөгжлийг татварын болон захиргааны эрх мэдлийг олгосноор л шийдэх юм байна гэж үе үеийн хотын удирдлагууд өгүүлдэг. Нэг хоёр нь ийн хэлсэн бол эрх мэдэл үгүйлсэндээ шалтаг тоочиж байна гэж болох. Гэвч аль ч нам ялсан, хэн ч томилогдсон ийм дүгнэлт хэлээд байгааг тоохгүй орхиж болохгүй. Дээр дурдсан Хятад, Казахстаны жишээ ч үүнийг нотлох бэлээхэн кейс.

Өнөөдрийн улс төрийн гол сэдэв болоод буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийн гадна ч энэ сэдэв орхигдоогүй. Нийслэл хотын хөгжлийг Үндсэн хууль нь өөрөө боомилчихсон, хуулийн тодорхой бус зохицуулалттай байгааг олон хүн хэлж байсан. Бүр тодруулбал, хот өөрийн гэсэн удирдлага, зохион байгуулалттай эдийн засгийн, хөгжлийн хөшүүрэг болж чадахгүй нь амьдрал дээр нотлогдсоор ирснийг тэнд өгүүлсэн хэрэг. Нийслэлийн өмчид бүртгэлтэй бараг хоёр их наядаар үнэлэгдэх барилга байгууламж, обьектуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, үхмэл хөрөнгө болгон хэвтүүлсээр ирсэн нь даанч харамсалтай. Хот энэ байдлаараа яг л барьцаанд тавих хөрөнгөтэй атлаа зээл авч бизнесээ өргөжүүлж зориглодоггүй “доороо хий эргэсэн” хүн шиг харагдана. Яагаад гэвэл, энэ хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах захиргааны эрх мэдэл нийслэлд үгүй.

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр “...хотыг Засгийн газар хөгжүүлэхгүй, хотынхон өөрсдөө хөгжүүлнэ. Өөрсдөө хөгжүүлэхийн тулд Үндсэн хуульд хөгжих боломж буюу статусыг нь хуульчилж өгөх ёстой. Төв Засгийн газраас хамааралтай, төсвөөс мөнгө хүлээгээд сууж байдаг биш, өөрсдөө мөнгөө бий болгодог, өөрийн удирдлага зохицуулалттай систем байх ёстой. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бас нэгэн шалтгаан” хэмээн хэлж байсан юм.

Гэвч нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төсөв, өмчийн асуудлыг нийслэл хот тусдаа шийдэх зохицуулалт орсонгүй. Харин НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлдэг байх, дүүргийн Засаг даргыг иргэд нь сонгодог байх зэрэг засаг захиргааны хувьд улам жижигрүүлсэн заалтууд оруулж ирсэн нь даанч харамсмаар. 300 мянган иргэнээс сонгогдсон дүүргийн дарга Засгийн газраас батламжлуулсан Засаг даргын үгэнд орох уу. Хэрэв хотын удирдлага дүүргийн дарга нараа удирдаж, хэл амаа олж чадахгүй юм бол улс төрийн өөр зуурын тэмцэл үргэлжилсээр үр дүнд нь нийслэлийн хөгжил, иргэдийн эрх ашиг л хөндөгдөж таарахыг саарал ордны эрхэм түшээд эрх биш ойлгомоор.

Хотын удирдлагууд нийслэл өөрийн өмчид байгаа эд хөрөнгөө барьцаалж бонд гаргах, Улаанбаатарыг чөлөөт бүс болгох...зэрэг санал гаргах л юм. Чөлөөт бүс гэдэг зөвхөн тийм болгоно гэж зарлахын нэр биш. Тэнд угтвар нөхцөлүүд байх ёстой. Дэд бүтэц, зам, эрчим хүч зэрэг угтвар нөхцөл мэдээж чухал. Манай улс Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн хил орчмын гурван газарт чөлөөт бүс байгуулж, дээрх угтвар нөхцөлүүдийг бий болгохоор татвар төлөгчдийн мөнгийг эдүгээгээс өдгөө хүртэл зарцуулсаар л байна. Гэхдээ өнөөдөр тэр бүсүүдийн үйл ажиллагаа жигдэрч, тогтворжоогүй, хөрөнгө оруулалт татаж чадсангүй. Харин Улаанбаатарын хувьд тус гурван бүсээс ялгаатай. Монгол Улсын ДНБ-ий 67 хувийг Улаанбаатарт үйлдвэрлэж, хүн амынх нь 50 хувь нийслэлдээ тогтмол оршин суудаг. Мөн хөдөлмөрийн хамгийн бүтээмжтэй хэсэг нь нийслэлд байна. Түүнээс гадна 17 жилийн турш татвар төлөгчдийн мөнгөөр хил орчмын бүсүүдэд бий болгохоор шийдсэн чөлөөт бүсийн угтвар нөхцөл улаанбаатарт бэлэн байна.

Өөрөөр хэлбэл, хот гэдэг ашиглаж чадвал орлогын эх ундарга, улсын хөгжлийн хөшүүрэг гэдгийг одоо ойлгох цаг ирсэн.

 






Дэд онцлох

Нийгэм