2018 оны 07-р сарын 20, Баасан гариг, 01 цаг 52 минут

Д.Эрдэнэбат: Боловсруулах үйлдвэрийн асуудалд хөнгөн хандаж болохгүй


Д.Эрдэнэбат: Боловсруулах үйлдвэрийн асуудалд хөнгөн хандаж болохгүй

Засгийн газраас газрын тосны боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих шийдвэрийг гаргасан. Энэ сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
 
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Харин таныг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Бор-Өндөрт барихаар шийдэж байсан. Засгийн газар солигдох бүрт боловсруулах үйлдвэрийг барих байршил солигдоод байгаа нь Монгол Улс нефтиэ дотооддоо нэрэх ирээдүйг бүрхэг мэт харагдуулаад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Монгол Улс суурь аж үйлдвэрийн хөгжилгүйгээр цааш явахгүй. Аж үйлдвэрийн яамыг байгуулж байсан шалтгаан нь ч тэр. Харамсалтай нь манай яам 1.6 жил ажиллаад сонгуультай золгосон. Гэхдээ энэ хугацаанд Монголын аж үйлдвэрийн салбарын бодлогыг маш зөв тодорхойлсон гэж би боддог. Суурь аж үйлдвэрийн бодлогыг гурван тулгуур дээр үндэслэсэн. Энэ нь төмөрлөгийн үйлдвэрлэл, нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлах үйлдвэр байсан юм. Ямар ч улсын эдийн засгийн гол тулгуур нь энэ гурван үйлдвэрлэл байдаг. Эдгээр үйлдвэрийг бариагүй цагт шинэ технологи, боловсон хүчний нөөц, улс орны эдийн засгийн цаашдын хандлагын тухай ярихад хүнд. Харамсалтай нь Засгийн газар солигдож, Аж үйлдвэрийн яам татан буугдсанаас хойш энэ салбарын бодлого огт яригдахаа больсон. Харин У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар боловсруулах үйлдвэрийн талаар хөндөж байна. Зайлшгүй байх учиртай суурь үйлдвэрийн нэг учраас явах ёстой. Гэхдээ бодлоготой бий эсэх нь олон хариулт нэхнэ. Аж үйлдвэрийн яам ажиллаж байхдаа хүнд үйлдвэрийн бүсийг тогтоосон. Гэвч салбарын бодлогыг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаад харамсаж байна. Гаргасан тооцоо, судалгаагаар хүнд үйлдвэрийг говийн бүсэд зайлшгүй барих ёстой. Хүнд үйлдвэр өөрөө хүний эрүүл мэнд, байгаль орчин экологид том аюул учруулдаг учраас байршлыг зөв сонгох нь бодлогын чухал асуудал байдаг. Гэтэл Засгийн газар боловсруулах үйлдвэрийн байршлыг өөрчиллөө.
 
-Та нарын тооцооллоор Бор-Өндөрийг хамгийн тохиромжтой гэсэн шалтгаан нь юу юм бэ?
-Бор-Өндөр бол аж үйлдвэрийн суурьтай газар. Мөн байгаль орчны зүй тогтол, боловсон хүчний асуудлаар ч тэр. Усны нөөцийн асуудлаар ч мөн тохирч байсан. Гэхдээ би бүхнийг үгүйсгэмээргүй байна. Ямар ч байсан боловсруулах үйлдвэр шаардлагатай гэдгийг дэмжиж байгаа. Тэгэхгүй бол Монгол Улс нэг гараараа гадагшаа түүхий нефтиэ зөөгөөд, нөгөө гараараа үнэтэй шатахуун авч байна. Ийм байдлаар удаан явж болохгүй. Хамгийн гол нь бодлого зөв явахгүй бол бүх зүйл гацна гэдгийг анхаарах хэрэгтэй. 2014 оны сүүлээр Аж үйлдвэрийн яам байгуулагдаад, 2015 онд газрын боловсруулах үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Ер нь боловсруулах үйлдвэрийг ямар хөрөнгөөр барих нь маш нарийн асуудал. Улсын хөрөнгөөр барьсан төрийн өмчит үйлдвэр байх уу, эсвэл төр хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр барих уу. Эсвэл хувийнхны консерциум байх уу гэдэг нь маш чухал шийдэл. Хэрэв улсын үйлдвэр нэрийн дор төрийн мөнгөөр өндөр өртөгтэй үйлдвэр байгуулчихаад дараа нь ашиггүй ажиллавал яах вэ гэдгийг урьдчилан тооцох ёстой юм.
-Та нарыг ажил хариуцаж байх үед ямар хөрөнгөөр барих шийдвэр гарсан юм бэ?
-Төр оролцохгүйгээр концессын хэлбэрээр барих- ашиглах үйлдвэр барих нь зүйтэй гэж шийдсэн. Гэтэл одоогийн Засгийн газар энэ талаар үгээ хэлэхгүй байна. Ямар ч байсан Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар олоод ирлээ. Энэ мөнгөөр боловсруулах үйлдвэр байгуулъя гэж байна.
 
-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах байршлын хувьд ямар бодолтой байна. Дорноговийн Алтанширээ суманд үйлдвэр байгуулахаар шийдвэр гаргалаа?
-Итгэл муутай байна. Нэг суман дээр үйлдвэр байгуулахад дэд бүтэц, усан хангамж, шугам хоолой татах алслалтын зай гээд олон хүчин зүйл шалтгаална. Эдгээрийг тооцсон уу? Нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ нь Аж үйлдвэрийн яаман дээр хийгдчихсэн байгаа. Бодвол үүн дээр тулгуурлаж байгаа байх. Тэгэхгүйгээр өмнөхөө үгүйсгээд шинээр хийнэ гэсэн улс төрийн өнцгөөр хандаж болохгүй. Улс орны эрх ашгийн асуудал учраас ухаантай, зөв хандах ёстой. Түүнээс гадна Монгол Улс хоёр том хөрштэй. Хөршүүдэд маань хоёр том сонирхол байдаг. Нэг нь шатахуун импортлох, нөгөөх нь түүхий нефть манайхаас худалдан авах сонирхол гэсэн хайчин дээр Монгол Улс байгаа юм. Тэгэхээр хоёр хөршийнхөө сонирхол дээр нэгдсэн ойлголтод хүрч чадсан уу гэдэгт Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Эгийн голын усан цахилгаан станц төслийн түүхийг та нар санаж байгаа байх. Тиймээс энэ мэт эрсдэлээ нарийн тооцох ёстой. Мэдээж Монгол Улс шатахууны хамаарал гадаадаас байгаа нь эдийн засагт онцгой нөлөө үзүүлж байна. Боловсруулах үйлдвэр барих ёстой гэдэгт санал нэг байна, гэхдээ улс төрийн оноо авах байдлаар шийдэж, хөнгөн хуумгай хөдөлж болохгүй. Ер нь бусад орнууд боловсруулах үйлдвэр барьсан байдлыг харахад ихэнх нь хувийн том корпорациудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад тулгуурласан байдаг. БНХАУ-ын хувьд төрийн өмчит байдаг байх.
 
-Хувийн корпорациудад тулгуурлаж байгуулахын ач холбогдол нь юу юм бэ?
-Тэд хамгийн өртөг багатай, сайн технологийг нэвтрүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, ирээдүйнхээ ашгийг бодож ажилладаг юм. Төрийнх гэхээр нэгдүгээрт, туршлага байдаггүй. Мөн боловсон хүчин, үйл ажиллагааны зардал, технологийн шийдлийн хувьд асуудал шийдэх хэмжээнд байгаа юу гэдгээ тооцох ёстой. Хэрэв 100 хувь төрийн өмчит компани байна гэвэл бүх эрсдэлээ өөрөө даана гэсэн үг.
 
-Та бүхэн хөрөнгө оруулалтын хувьд ямар шийдлийг хамгийн оновчтой гэж шийдэж байв?
-Бидний хувьд төр түүхий эдээ л мэдье гэж шийдэж байсан. Түүхий эдийг Тамсагаас авна, Бор-Өндөр рүү нефть тээвэрлэх шугам хоолой тавина. Харин тэр хоолой төрийнх байх ёстой. Үйлдвэрлэл нь гадаад дотоодын томоохон компаниудын консерциум хөрөнгөө босгоод, өөрсдөө барьж, ашиглаад явна гэж шийдсэн. Гэхдээ төр тодорхой хэмжээний алтан хувьцаа эзэмшиж болно гэдэг асуудал яригдсан.
 
-Алтан хувьцаа нь ямар эрхтэй байх юм?
-Тухайлбал, үнийн хэлбэлзэл зах зээлийн үнээс өндөр гарах юм бол түүнийг хянах боломжтой. Бусад бүх үйл ажиллагааг хувийнхан аваад явбал ашигтай гэсэн тооцооллыг бид хийж байсан. Өнөөдрийн хувьд яг яаж хийх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Би нэг л зүйл дээр болгоомжлоод байгаа нь төр өөрөө хийнэ гэж дайрах вий. Боловсруулах үйлдвэр барьчихвал шатахууны хараат байдлаас гарчихна гэсэн нэг сайхан сэтгэлийн хөөрлөөр хараад байдаг. Гэтэл импортоор 2000 төгрөгөөр авч байгаа шатахууныг үйлдвэрлэсэн өртөг нь 3000 болчихвол яах вэ. Энэ бол эхний эрсдэл. Хоёрдугаарт, шууд нефтийн харилцааг үүсгэж байгаагийн хувьд хоёр хөрштэйгөө маш сайн ойлголцох хэрэгтэй.
 
-Тухайн үед хоёр хөршийн сонирхлыг яаж нийцүүлэхээр шийдэж байсан юм бэ?
-ОХУ, БНХАУ-ын сонирхож буй консерциумыг нь төсөлд оролцоход нээлттэй болгоё гэсэн юм. Ямар ч улс орон өөрийнхөө бизнесийг харилцан ашигтай байлгахыг л зорино. Тиймээс хоёр улсын компаниудын хамтарсан консерциум байвал зөв юм биш үү гэж харж байсан. Технологи нь ч гэсэн эдийн засгийн үр ашигтай байвал тус хоёр улсынхыг оруулж ирж яагаад болохгүй гэж. Гэхдээ өнөөдөр ямар төсөөллөөр явж байгааг мэдэхгүй байна.