2024 оны 04-р сарын 20, Бямба гариг, 06 цаг 18 минут

Иргэдийг ийм зүйлд итгэхээ байтал нь хашрааснаа ойлгоогүй л явна уу, намуудаа


Иргэдийг ийм зүйлд итгэхээ байтал нь хашрааснаа ойлгоогүй  л явна уу, намуудаа

Сонгуулийн  солиорол эхэлжээ.  Н.Энхбаярын МАХН иргэн бүрт үнэгүй орон сууц, таван сая төгрөгийн  цалин амласан хэвлэлийн хурал хийж дуусангуут эрх баригч МАН орлого  багатай иргэдэд урт хугацаатай, бараг хүүгүй 20 хүртлэх сая төгрөгийг зээлэх хуулийн төсөл өргөн барив. Бүр ямар ч барьцаагүй шүү.  Сонгууль дөхөөд ирэхээр өөр юу ч гэж хошгируулж айлгаж ичээх юм бол, бүү мэд.    

2008 оны сонгуулиас эхэлсэн энэ бэлэн мөнгө, эд материалын амлалт өсөн  өссөөр өнөөдөр нэг хүнд 20 сая, нэг өрхөд орон сууц болтлоо томорлоо. Тухайн үед  /2008 онд/ уул уурхайн ачаар анх удаа тийм их мөнгөний бараа харсан Монголын улстөрчид түүнийг сонгуулийн санал авахын тулд  гарынхаа салаагаар цацаад дуусгасан. Харин 2012 онд зээлж байгаад тараасан бол 2016 онд байхгүй мөнгийг тараах талаар амлалт  өгч байв. 

Сонгогчдоос санал авах гэж сайхан зүйл ярьж, түүнийгээ албажуулан шийдвэрлэсэн болгох гэж хөнгөн хуумгай хандан, хөрөнгө мөнгөөр “зодож”, хүчээр хэрэгжүүлэх гэдэг нь аль ч сонгуулийн өмнө болдог үзэгдэл.  Уг нь Сонгуулийн тухай хуульд сонгогчдын саналыг авах зорилгоор явуулахыг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад “хишиг, хувь, хувьцаа өгөх, мөнгө, эд зүйл тараах” заалт орсон. Гэвч хуулийн энэ хоригийг одоогийн  байдлаар МАН, МАХН гэсэн хоёр нам зөрчөөд байна. 

Энэ  их халамж,  хайрынх нь эдийн засгийн эх  үүсвэр хаанаас вэ гэдэг анхаарал  татаж байна. Жишээ нь МАН-ын яриад  байгаа 20 хүртлэх сая төгрөгийн хүүгүй шахам зээлийг  амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэн бүр авахыг хүснэ. Угаасаа амьжиргааны түвшин доогуур иргэдэд өгнө гээд төсөлдөө тусгачихсан юм чинь.  Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн судалгаагаар Монголын бараг гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтдаг. Хэрэв эвгүйтвэл ойролцоогоор 500 орчим мянган хүн тэр шугам руу унахад  бэлэн гэдэг нь мөн судалгаагаар харагдсан. Төсөл санаачлагч гишүүдийн нэг Д.Оюунхорол өөрөө иргэдийнх нь бараг дөрөвний нэг нь ядуу амьдарч байгааг шогшрон шогшрон ярьж байсан нь саяхных. Үнэмлэхүй олонхоор эрх бариад  дөрвөн жилийг үдсэн МАН бүлгийн хурлаараа хэлэлцээд, ийм дүгнэлт өгч байгаа бол тэд л муу ажилласан гэсэн үг. 

Тэгвэл халамж ханхлуулсан  энэ зээлээ тэр олон хүнд өгч чадах уу, Монгол Улсын  эдийн засагт тийм чадамж бий юу? Хамгийн гол нь энэ зээлийн  эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх вэ? Аль нэг ордоо барьцаалж зээл аваад  өгөх үү, эсвэл татвар төлөгчдийн мөнгийг бага орлоготой иргэдэд өгөх үү гээд  эргэлзээтэй олон асуултад эрх баригчид хариулж чадах уу? Өргөн барьсан хуулийн төсөлд  нь лав энэ талаар үг, өгүүлбэр байсангүй. За тэр МАХН-ын амлаж буй таван сая төгрөгийн цалин,  үнэгүй орон сууц, хүүгүй зээлийн эх үүсвэрийн талаар тооцоо хийе гэхэд миний байтугай сангийн яамныхны ч толгой хүрэхгүй байх.  МАХН-ынхан өөрсдөө ч энэ талаар ямар ч тооцоо, судалгаа хийгээгүй гэдэгтэй барьсан ч алдахгүй. 

Баруун төвийн  нам байхаа холбиролтгүй баримтална гэж үзэл баримтлалаа УДШ-д бүртгүүлсэн  Ардчилсан намаас одоохондоо иймэрхүү амлалт гараагүй байна. Иргэдээ ийм зүйлд итгэхээ байтал нь хашрааснаа улс төрийн намууд  одоо хүртэл ойлгоогүй яваа бололтой. 






Дэд онцлох