2023-12-16 10:12:02
Батарей хуримтлуурын технологи нь Монгол Улсын хувьд шинэ технологи бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн тоног, төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтын ажил бүрэн дуусаж, туршилтын үйл ажиллагааг эхлүүлээд байгааг Эрчим хүчний яам мэдээллээ. Туршилтын ажлын хүрээнд оргил ачааллын үед Төвийн бүсийн эрчим хүчний системд 40-70 МВт чадал нийлүүлж байгаа аж.
Эрчим хүчний хуримтлуурын байгууламжийг ашиглалтад оруулснаар Төвийн бүсийн эрчим хүчний системд жил бүр 58.5 сая кВт.цаг ногоон эрчим хүч нийлүүлэх ба Дулааны цахилгаан станцуудын цахилгаан ачааллыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг жил бүр шууд үр дүнгээр 46.8 мянган тонноор бууруулна гэдгийг салбарын яам онцолж байна. Мөн 2030 он гэхэд жилд 842 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой ажээ.
Дээрх төслийн барилга угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхлээд байгаа юм. Өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон зэрэгцээ ажиллаж эхлээд байна. Түүнчлэн “Сонгино” дэд станцад холбосноор Монгол Улсын Төвийн бүсийн эрчим нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх, оргил ачааллын нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг тэр хэмжээгээр бууруулах ажээ.
Мөн хэрэглэгчдийг чадлын дутагдлаас хамаарсан хязгаарлалтыг багасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх, цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм байна.
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийг БНХАУ-ын “Jiangsu Zhongtian Technology”, “Zhongtian Energy Storage Technology” компанийн хамтарсан Консорциумтай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг нь эхлүүлээд байгаа юм. Гэрээний дүн нь 80.9 сая ам.доллар ба Монгол Улсын Засгийн газраас гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх байдлаар санхүүжилт үзүүлсэн байна.
Батарей хуримтлуурын технологи нь Монгол Улсын хувьд шинэ технологи бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн ашиглалтад хүлээн авснаас хойш төслийн гүйцэтгэгч нь хоёр жилийн турш “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай хамтран ашиглалтыг хариуцан ажиллах аж.
Барилга угсралтын талбайд нийт 140 хүн ажилласан бол төсөл бүрэн ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр бий болно гэдгийг Эрчим хүчний яам мэдээллээ.