2024 оны 05-р сарын 05, гариг, 23 цаг 25 минут

Хотод томилогдсон БЭТ 

2024-04-25 12:08:44


Хотод томилогдсон БЭТ 

“Жаахан хэмжээндээ байна шүү нөхөр минь”, “Чи тэгээд өөрөө цэвэрлээч”, “Одоо энийг нураана, хаана, бооно” гэхээс эхлээд бүр  хувийн сургуулийг ч  улсад авах бололтой коммунист дэглэмийг санагдуулам үг, өгүүлбэрийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ойрын өдрүүдэд цахим орчноор дамжуулан хотоор л нэг цацлаа.

Албан тасалгаанаасаа цухуйж, тухлаг сандлаасаа өндийгөөд, хотоороо алхаж, ажлыг газар дээрээс нь хийх гэж оролдож байгаа  нь сайн хэрэг л дээ.

Гэхдээ эрх баригч намын  эрх мэдэл, эр бяр, “сүгсэлзэх, түмбэлзэх” эрхээ арай л хэтрүүлээд байх шиг. Дөвчигнөлд хэмжээ бий.

Улаанбаатар хотын захирагч гэдэг зөв бодлого гаргаж, хэрэгжүүлэх, хяналт тавих ажил хийх ёстой болохоос иргэдийнхээ хэмжээг зааж, зандчиж явдаг субьект биш. Бас “Би эндээс сонгогдоогүй ээ ” гээд  хээвнэгхэн зогсож байгаа нь хотод томилогдсон БЭТ / бүрэн эрхт төлөөлөгч/  гэмээр.

Нээрэн л хотын иргэд бид сонгоогүй байхад яагаад гэнэт Х.Нямбаатар гэдэг даргатай болчихов. Цаг хугацааг ухрааж үзвэл энэ хүн уг нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон юм билээ.

Мөн Засгийн  газрын гишүүнээр ажиллаад амжсан. Төрийн сайдын албыг хаших хугацаандаа зөвхөн Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хамааралтай хууль, журам яриад яваагүй л байлтай. Хотын дарга болохоороо л гэнэт хаанаас сонгогдсоноо санаж, “Би эндээс сонгогдоогүй” гэдэг алдарт үгээ хэлнэ гэж баймгүй.

Харин Х. Нямбаатарыг хууль ёсны дарга уу хууль бус хотын дарга уу гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй байдаг. Түүний томилгоог Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн  иргэд ч өөрсдийн гомдлоо Үндсэн Хуулийн Цэцэд хүргүүлсэн байдаг.

Эрх баригчид ийм юмыг тоох биш дээ.  Үр дүнд нь  Сонгинохайрхан дүүрэг УИХ-д одоо төлөөлөл дутуу л байна. Нийслэлийн хамгийн том, их хүн амтай, дэд бүтэц хөгжөөгүй, гэр хорооллоос өөр юмгүй дүүрэг. Энэ дүүргийг төлөөлөөд, УИХ-д бодлого гаргаад, хууль санаачлаад, ард иргэддээ хэрэгтэй ажил хийх ёстой хүн нь хот руу Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод явчихсан. Өмнө нь бас Д.Сумъяабазарыг  УИХ-аас татаад, нийслэл рүү явуулчих жишээтэй.   УИХ-ын гишүүнээс чөлөөлөх ч гэсэн хуультай. Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндээр өвдсөн, нас барсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гээд тодорхой шалтгаанууд бий. Тэр дунд “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргах” гэж заалт бий. Эрх ашгаа нэгдүгээрт тавиад, сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаяад, хотын дарга болохоор зүтгэхийг “хүндэтгэн үзэх” гэдэг ангилалд оруулдаг болчихоогүй л баймаар.

Тэр хотод очмогцоо ёстой өөрийнх нь хэлдгээр жинхэнэ давс мэт шорвог шийдвэрүүдээ гаргаж эхэлсэн. Идэр есийн хүйтэн өдрүүдэд машины дугаарын хязгаарлалтыг сөөлжлөн хийж, улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг ямар муу вэ гэдгийг ард иргэдийнхээ яс маханд нь тултал ойлгуулав. Судалгаагүй, баталгаагүй, сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрүүдийнхээ ард  өнөөх бүрэн эрхт төлөөлөгч маань огтхон ч  гэмшээгүй.  Гэмших нь бүү хэл бүүр амтшаад дараа дараагийн шорвог шийдвэрүүдийг дэндүү итгэлтэйгээр гаргаж байсныг улаанбаатарчууд  сайн  санаж байгаа даа.

1.5-аас давж, 2 сая дөхсөн хүн амтай метро хотын нийтийн тээврийн чиглэлийг иргэддээ хэлэхгүй, сануулахгүй, мэдээлэхгүйгээр нэг л өглөө шууд өөрчлөв. Хүртээмжгүй нийтийн тээврийг улам дордуулсан “бэлэг” бас л Бүрэн эрхт төлөөлөгчийнх. 

Зөвшөөрөлгүй таксинд явбал торгох, хувийн сургуулийг улсад авах, автобусанд суусан хүний толгой тоолох мэтээс эхлээд энгийн хүн ойлгоход ч эрх гайхаш төрүүлэм шийдвэрүүд цуварсаар байх болно.

Энэ бүхнээс үзэхэд  иргэдийнхээ нийтлэг  эрх ашгийг хамгаалах, судалгаа, нотолгоотой бодлого шийдвэрүүдийг гаргах гэх мэт хот удирдах талаар наад захын төсөөлөл ч түүнд  байхгүй  гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр арга алга. 

Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэдэгчлэн Бүрэн эрхт төлөөлөгч маань хотын даргын ажлыг томоор нь харж утаа униар, хог шороо, дэд бүтэц, түгжрэлээс авахуулаад  тулгамдсан асуудалд дорвитой шийдэл олж чадахгүй бол ирэх намрын орон нутгийн сонгууль болтол зүгээр сууж байсан нь ард түмэнд ачлалтай байна. Аалз хүртэл өөрийнхөө сүлжсэн тороор хоолоо олж иддэг. Х.Нямбаатар гэдэг хүн ах нарынхаа нэхсэн “торон дээр” тэнэж яваа  л “тавиул”. Тиймээс өөрөө хэмжээндээ байна уу даа.

              Б.Эрхэс





Нийт 0 сэтгэгдэл




Сэтгэгдэл бичих



captcha

Дэд онцлох

Нийгэм