2025 оны 03-р сарын 14, Баасан гариг, 01 цаг 43 минут

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулахад Шинжлэх ухаан ба Бодлогын уялдаа” сэдэвт хурал боллоо

2024-08-22 04:16:32


“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулахад Шинжлэх ухаан ба Бодлогын уялдаа” сэдэвт хурал боллоо

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудыг шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах нь” сэдэвт салбар дамнасан сургалт-судалгааны төслийн хүрээнд  тав дахь удаагийн буюу төслийн хаалтын хурлыг 2024 оны 8 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд  Говь-Алтай аймгийн Алтай болон Улаанбаатар хотноо цахим- танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

Төслийн хаалтын хуралд Говь-Алтай аймгийн төсөл хэрэгжсэн 5 сум болох Баян-Уул, Бигэр, Халиун, Тайшир, Төгрөг сумдын төлөөлөгчид  хоёр жилийн хугацаанд “Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл тэдний орчин тойронд хэрхэн нөлөөлж, яаж өртөж байгаа, түүнийг даван туулахад ямар стратеги арга зам хэрэгжүүлэх” талаар суралцаж, түүнд дасан зохицох стратеги төлөвлөгөөг сумынхаа бодлогод тусгаж хэрэгжүүлэхэд оролцох аргазүйд суралцаж, өөрсдийн бие оюун ухаанаа уралдуулан боловсруулсан туршлагаа хуваалцлаа.

 

Уг хуралд Япон улсын байгаль, нийгэм хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн (RIHN)-ийн профессор Японы “Ирээдүйн дэлхий” хорооны дэд захирал Риа Ламбино, БНХАУ-ын ШУА-ийн агаар мандлын физикийн хүрээлэнгийн CAS-START төвийн захирал Жиа Женсуо, Төслийн удирдагч ШУА-ийн удирдлага төлөвлөлт гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Сувданцэцэг, БШУЯ-ны ШУТИБХЗГ-ын дарга Д. Баттогтох, ЭЗХЯ-ны Бүс нутгийн төлөвлөлтийн газрын дарга Д. Эрдэнэбаяр, ГАА-ийн ЗДТГ-ын дарга Ш. Эрдэнэбат нарын нийт 17  илтгэгч өөрсдийн үнэ цэнэтэй илтгэлээ хэлэлцүүлж, төслийн үйл ажиллагаа, үр  дүн,  цаашдын хамтын ажиллагааг хэлэлцүүлжээ.

 

Төслийг ШУА Говь-Алтай аймгийн ЗДТГ,  болон сумдын төлөөлөл, БШУЯ, ЭЗХЯ, Нутагт хамтрал ТББ, Японы байгаль, нийгэм хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, Ногоон сүлжээ ТББ,  БНХАУ-ын ШУА-ийн агаар мандлын физикийн хүрээлэн, баруун хойдын хүрээлэн буй орчин судлалын хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, МУБИС зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж ийнхүү үр дүнгээ уг хурлаар дүгнэсэн байна.

1LDqCy2W3Kj7Rwz.jpeg

Үр дүнд нь  5 удаагийн төлөвлөгөөт сургалт, арга хэмжээ зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 280 хүн хамрагдаж, 5 сумдын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний судалгаа хийгдэж хэвлэгдэн, 120 нүүр бүхий сургалтын дэлгэрэнгүй гарын авлага боловсруулагджээ.

Орон нутгийн мал аж ахуй эрхлэгчид, фермийн нөхөрлөл, иргэний нийгэм, залуу удирдагч/судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн засаг дарга нарын нийт 85 манлайлагчдыг 2 улсаас чадавхжуулж тэднийг  дэвшилтэт мэдлэг, туршлагаа хуваалцах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Мөн аймгийн ЗДТГ-ын зүгээс тус төслийн үр дүн, ач холбогдлыг үнэлэн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг илүү өргөн түвшинд хийх, түүнийг даван туулах арга технологийг боловсруулан орон нутгийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад ШУА-тай нягт хамтран ажиллаж дараагийн төслийн саналыг хамтран боловсруулахаар тохиролцов.

Cbq8L7oWLZbWHAd.jpeg




Нийт 0 сэтгэгдэл




Сэтгэгдэл бичих



captcha

Дэд онцлох

Нийгэм