2025-03-24 11:25:06
"Торгоны зам" мөрийтэй тоглоомын клубын удирдлага гэж өөрийгөө танилцуулсан, иргэн А.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, "Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван: -Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн жилд мөрийтэй тоглоомтой холбоотой 1360 хэргийг бүртгэж шалгалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 365-д нь эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргийн 299 нь шүүхээр шийдэгдээд байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг гадаад улсаас зохион байгуулагддаг болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-"гийн бүлэглэл гэсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл бий. Энэ бүлэглэлийг "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авч ирсэн. Мөн 28 хүний бүрэлдэхүүнтэй иргэн Г-гийн бүлэглэл гэж бий. Энэхүү бүлэглэлийг шалгаж хоёр этгээдийг нь саатуулсан. Мөн иргэн Б-гийн бүлэглэл гэж бий. Энэ бүлэглэл нь өчиигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлангийн оролцсон 18 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл. Уг бүлэглэл нь гадаад улсаас ажиллаж байгаа гэдэг нь өчигдөр хийсэн мэдээллээс нь тодорхой болж байх шиг байна. Өчигдөр мэдээлэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос "Торгоны зам" нэртэй мөрийн тоглоом зохион байгуулагчдын таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын 11 иргэний 20 дансыг битүүмжилсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон. Нэг хүн нь иргэн Б. 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан энэ хүн саатуулагдан шалгагдаж байгаа.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул: -Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн. Өчигдөр мэдээлсний дагуу тухайн иргэн 2024 оны есдүгээр сард Хянамгай бай аяны хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийг над руу явуулсныг тогтоосон.
Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг.
Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно" гэлээ.